2018-12-11
Сэдэв: Бизнесийн тухай ойлголт, түүний төрөл хэлбэр, бизнесийн орчин Бизнесийн тухай ойлголт, түүний төрөл хэлбэр, бизнесийн орчин Бизнесийн төсөл боловсруулахын тулд тухайн төрлийн бизнесийг эрхлэх орчин, нөхцөл бүрдс

Сэдэв: Бизнесийн тухай ойлголт, түүний төрөл хэлбэр, бизнесийн орчин

                               Бизнесийн тухай ойлголт, түүний төрөл хэлбэр, бизнесийн орчин
Бизнесийн төсөл боловсруулахын тулд тухайн төрлийн бизнесийг эрхлэх орчин, нөхцөл бүрдсэн эсэх, нэгэнт бүрэлдэн бий болсон орчинд үйл ажиллагаа хэрхэн зохицуулан ажиллах вэ? гэдэг асуултанд хариулт өгөх нь ихээхэн ач холбогдолтой юм. Түүнчлэн бизнесийн зохион байгуулалтын хэлбэрүүдийг харьцуулан судалж, өөрийн эрхлэх гэж буй бизнест хамгийн тохиромжтой тэрхүү хэлбэрийг сонгох нь бизнесийн цаашдын хөгжил, дэвшлийн анхны үндэс суурь болно.
14.1 Бизнес, бизнесийн ангилал
Бизнес гэдэг нь busy буюу завгүй, чөлөөгүй гэсэн Америк үгнээс гаралтай, ажил хэрэгч гэсэн утгатай үг юм. Бизнес гэдэг нь хэрэглэгчдийн эрэлтийг хангах, ашиг олох зорилгоор хуулийн хүрээнд явуулж буй ажил хэрэгч хүмүүсийн ажлын харилцааны нэгдэлийг хэлнэ.
Бизнесийн эдийн засгийн утга агуулга нь нийгэм, эдийн засаг, хүмүүсийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх замаар ашиг олох үйл ажиллагаа эрхэлж буй бие хүн, байгууллага юм. Аливаа бизнесийн эцсийн зорилго нь ашиг олох явдал юм. Ашиг нь барааг хийж бүтээсэн зардал болон худалдан авагчийн төлсөн үнэ 2-ын зөрүү юм. 
Pf = TR – TC                           
Pf – бизнес эрхлэгчийн ашиг
TR – бизнес эрхлэгчийн нийт орлого
TC – бизнес эрхлэгчийн зарцуулсан нийт зардал
Бизнесийг эрхэлж буй үйл ажиллагааны хэлбэр, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэр зэрэг олон үзүүлэлтээр ангилж болох бөгөөд шинээр бизнес эрхлэх, бизнесээ өргөтгөх зэрэг шийдвэр гаргахад өмчлөлийн ямар хэлбэрийг сонгосон нь ихээхэн чухал ач холбогдолтой тул бизнесийн дараах ангиллыг дэлгэрэнгүй авч үзье.
Бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагыг өмчлөлийнх нь хэлбэрээр:
1.   Хувиараа эрхлэх аж ахуй буюу ХЭАА
2.   Нөхөрлөл
3.   Хоршоо
4.   Компани
Эдгээр өмчийн хэлбэр тус бүр нь өөртөө зохицсон дотоод бүтэц, хуулийн статус, хэмжээ болон үйл ажиллагааны хүрээтэй байна. Бизнесийн байгууллагын эдгээр төрлүүд нь гол нь хариуцлагаараа ялгаатай байдаг.
1. ХЭАА. Энэ нь нэг хүний эзэмшлийн бизнес бөгөөд дараах давуу болон сул талуудтай.
Давуу тал:
·      Байгуулах ба удирдахад хялбар.
·      Хуулийн үйлчилгээний зардал бага гардаг.
·      Эзэн нь эрх чөлөөтэй үйл ажиллагаагаа эрхэлдэг.
·      Үйл хэргээ үр дүнтэй явуулбал урамшил нь өөрт нь шууд очиж байдаг.
Сул тал:
·       Санхүүгийн боломжийн хувьд хязгаарлагдмал.
·       Хөрөнгийн эх үүсвэр олоход хүндрэлтэй. Бага хэмжээний мөнгө өндөр хүүтэй. Мөн бага мөнгөнөөс бага хэмжээний ашиг олно.
·       Эзэн ганцаар бүх асуудлыг бие даан шийдвэрлэдэг учраас алдаа гаргах магадлал өндөр /Санхүүгийн боломж хязгаарлагдмал учир мэргэжлийн зөвлөх, туршлагатай мэргэжилтэн хөлслөх боломж муу/
·       Өөрийн үйл ажиллагааны төлөө үүсч буй бүх хариуцлагыг ганцаар хүлээнэ.
·       Түүний оршин тогтнох хугацаа хязгаарлагдмал. Хэдийгээр бизнесээ өөрийн өв залгамжлагчдаа өвлүүлэх боловч пүүсийн үйл ажиллагаа зөвхөн эзний өндөр ур чадвар, мэргэжил, туршлага дээр тулгуурлан явагддаг байсан бол төгсгөл болох үндэстэй.
2. Нөхөрлөл. Гишүүдийн оруулах хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ энэхүү эд хөрөнгө болон гишүүдийнхээ эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ.
Хуулийн этгээд гэдэг нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэндээ тусгайлсан эд хөрөнгөтэй, өөрийн үйл ажиллагаагаар эрх олж, үүрэг бий болгох чадвартай, үйл ажиллагаанаасаа үүсэн гарах үүргийг эд хөрөнгөөрөө хариуцдаг, шүүх арбитрт өөрийн нэрийн өмнөөс оролцдог этгээд юм. 
Нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай гэж хоёр ангилдаг.  
3. Хоршоо. Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.
Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна. Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална. Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрний ард “Хоршоо” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ. Хоршоог үүсгэн байгуулагчаас нь хамааруулан анхан шатны хоршоо, дундын хоршоо гэж хоёр ангилна.
Хоршоо нь үйл ажиллагааныхаа  улмаас бий болсон үүргийг зөвхөн өөрийн /хоршооны/ эд хөрөнгөөр хариуцна. Хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд  түүний үүргийг гишүүд нь нөхөж хариуцна. Гишүүдийн хүлээх нөхөх хариуцлагын хэмжээг хязгаарлах эсэхийг хоршооны дүрмээр зохицуулна.
4. Компани. Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилго бүхий хуулийн этгээдийг компани гэнэ. Компанийг хувьцаа эзэмшигчийн эрх үүргээр нь хувьцаат компани /ХК/, хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ гэж ангилдаг.
Мөн компанийн хувьцааг эзэмшиж буй харьцаанаас хамааруулан дараах байдлаар ангилдаг.
·       Хараат компани. Компанийн нийт энгийн хувьцааны 20-51 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа эзэмшиж байвал уг компанийг хараат компани гэнэ. Хараат компани нь бие даан тайлан гаргадаг хуулийн этгээдийн эрх бүхий компани юм.
·       Охин компани. Компанийн нийт энгийн хувьцааны 51-100%-ийг өөр /толгой/ компани эзэмшдэг хуулийн этгээдийг охин компани гэнэ. Охин компани нь тусдаа санхүүгийн тайлан гаргахын зэрэгцээ толгой компанитайгаа нэгдсэн тайлан гаргана.
14.2 Бизнесийн орчин
    Бизнесийн үйл ажиллагаа амжилттай явагдах, орших эс оршиход нөлөө үзүүлж байдаг хүчин зүйлсийн нэгдэл, тэдгээрийн харилцан холбооны шүтэлцээг бизнесийн орчин гэнэ.
Байгууллага өөрийн дотоод ба гадаад орчины уялдааг танин мэдэхгүйгээр өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй юм. Биднийг /байгууллагыг/ хаа нэгтээ “отож” буй гадаад орчны боломж, аюул бэрхшээлийг илрүүлж, цаашид үйл ажиллагаагаа амжилттай явуулахын тулд бизнесийн орчноо гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй юм.
Байгууллагын орчин
Гадаад ерөнхий орчин:
·       Олон улсын байдал
·       Улс төрийн орчин
·       Эдийн засгийн орчин
·       Техник технологийн орчин
·       Нийгэм соёлын орчин  
Гадаад шууд нөлөөлөх орчин:
·       Өрсөлдөгчид
·       Хэрэглэгчид
·       Бэлтгэн нийлүүлэгчид
·       Зохицуулагчид
·       Өмчлөгчид
·       Түншүүд 
Дотоод орчин:
·       Зорилго
·       Зорилт
·       Бүтэц
·       Удирдлага
·       Ажиллагчид
·       Технологи
·       Үнэт зүйл
Гадаад ерөнхий орчны хүчин зүйлүүд:
Аливаа байгууллагын амжилт нь өөрийн үйл ажиллагаанаас гол төлөв хамаарах авч гадаад орчны нөхцөл байдал түүнд ихээхэн нөлөөлж байдаг.
Олон улсын байдал ба улс төрийн орчин. Улс орны гадаад дотоод бодлого, эдийн засгийн эрх зүйн орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг баримжаа, төрийн хүчний байгууллагууд, улс төрийн намууд, олон нийтийн байгууллагууд, бусад хууль тогтоомж, журмууд гэх мэт хүчин зүйлүүд хамаарагдана.
Эдийн засгийн орчин. Бизнесийн үйл ажиллагаанд мөнгөний ханш, зээлийн хүү, ажилгүйдэл, нийт эрэлт гэх зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөө үзүүлж байдаг.
Техник технологийн орчин. Байгууллага нөөцөө бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ болгон хувиргаж буй систем болон үйл явцын нэгдлийг технологи гэж тодорхойлж болох юм. Энэ орчны хүрээнд шинэ технологи, өрсөлдөгч, материал техникийн параметрийн шинэчлэл, зохион бүтээлт, ноу-хау, патент, лиценз, шинжлэх ухаан технологийн мэдээлэл гэх мэт зүйлс хамаарагдана.
Нийгэм соёлын орчин. Энэ орчинд бизнесийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй хүн ам зүйн шинж байдал, үнэт зүйлс, зан заншил, шашин шүтлэг, дадал зуршил, ёс зүй зэргийг багтаан ойлгож болно. Ялангуяа сүүлийн үед мэдэгдэхүйц өөрчлөгдөж буй худалдан авагч, хэрэглэгчдийн үйл хандлага үүнд хамаарна.
Гадаад шууд нөлөөлөх орчны хүчин зүйлүүд:
Байгууллагын удирдах ажилтнуудын хувьд ерөнхий орчныг бодвол танин мэдэж, сонголт хийхэд харьцангуй нөлөөлж болохуйц хүчин зүйлс бол байгууллагын гадаад шууд нөлөөлөх орчин юм. Энэ орчинд нөлөөллийн чиглэл шинж чанараас хамааран хэд хэдэн хүчин зүйл байдаг.
Өрсөлдөгчид. Ерөнхийдөө ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж буй болон нөөцийг бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой өрсөлдөөн үүсэх бөгөөд орчин үеийн бизнесийн ухаанд өрсөлдөгчийг харьцангуй ижил ашиг сонирхолтой “хамтран ажиллагсад”, тэд заавал нэгэн ижил салбарт үйл ажиллагаагаа явуулах албагүй гэдэг талаас нь мөн авч үзэх болсон. Нөгөө талаас өрсөлдөгчид нь худалдан авагчдын гаргах зардлыг бусдаас түрүүлж авахыг хичээж буй үйл явц юм. Аливаа байгууллага урт хугацаанд амьдрах чадвараа хадгалан оршин тогтноход өрсөлдөгчийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой юм.
Хэрэглэгчид. Тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн хэрэгцээгээ хангахын тулд худалдан авч, үйлчлүүлж байгаа хувь хүмүүс болон байгууллагуудыг хэрэглэгч гэсэн энэхүү орчинд хамруулна. Хэрэглэгчдийн хүсэл, сонирхол, хэрэглээний хандлага зэргийг нарийн судалж, мэдрэх нь ихээхэн ач холбогдолтой. Эдгээр мэдээллийг зах зээлийн судалгаа /хэрэглэгчийн судалгаа/, борлуулалтын төлөөлөгчдийн тайлан зэрэг анхдагч болон хоёрдогч мэдээллийн эх үүсвэрээс авч болно.
Бэлтгэн нийлүүлэгчид. Аливаа бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай нөөцүүдээр буюу ажиллах хүч, санхүү, капитал, материал түүхий эд, мэдээллээр хангаж буй байгууллага болон хувь хүмүүсийг бэлтгэн нийлүүлэгчид гэх бөгөөд ихэнх байгууллага аж ахуйн нэгжүүд нийлүүлэгчдийн хараат байдалд орохоос зайлсхийж байдаг.
Зохицуулагчид. Байгууллагын бодлого, үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, хяналт тавьдаг Засгийн газар ба сонирхолын бүлэг гэсэн хоёр субъектийг зохицуулагч гэнэ. Өөрийнхөө гишүүдээр дамжуулан байгууллагад нөлөөлөх зорилгоор сонирхлын бүлгүүд үүсэн бий болдог. Үүнд бүх төрлийн Төрийн бус байгууллагуудыг хамруулж болно. Засгийн газар нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд зохицуулагч, хэрэгжүүлэгч агентлагуудаар дамжуулан зохицуулалт хийдэг. Аливаа улс орны хувьд бизнесийн орчны тааламжтай, тааламжтай бусыг тодорхойлох гол үзүүлэлт нь дээрх зохицуулагчдын үйл ажиллагаа ямар байхаас ихээхэн шалтгаалдаг. Зохицуулагчдад ямар асуудлууд хамрагдахыг 2.1 дүгээр схемээс дэлгэрэнгүй харж болно.
Өмчлөгчид. Өнөөдөр маш олон байгууллага, компанийн хувьд менежерүүдийн үйл ажиллагаа тэдний гаргаж буй шийдвэрт өмчлөгчид нөлөөлсөөр байна. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид, хувь нийлүүлсэн компанийн хөрөнгө оруулагчид зэрэг нь тус компанийн дээд удирдлагад голлох нөлөөтэй. Цаашид байгууллага томрохын хэрээр өмчлөгч эзний шууд удирдлага гэхээсээ илүү мэргэжлийн менежерүүдийн үүрэг, ач холбогдол ихэснэ.
Түншүүд. Хоёр эсвэл түүнээс дээш тооны компаниуд хамтран хөрөнгө оруулах эсвэл гэрээ хэлэлцээрээр хамтран ажиллах тохиолдолд түншлэлийн харилцаа үүсдэг. Хамтарсан хөрөнгө оруулалттай түншлэлийн компаниуд эрсдэлийг бууруулах давуу талтай байдаг.
Бичсэн: Ц.Уянга нийгэм газар зүйн багш | цаг: 15:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax